“Дэлхийн хэмжээний дараагийн дайны эхний буудлага интернэтээр хийгдэх болно” гэж НАТО-гийн аюулгүй байдлын зөвлөх Рекс Хугес үзэж байна. Тэрээр кибер хамгаалалтаар мэргэжсэн хүн. Ийнхүү газар, агаар, далай тэнгис, сансар дээр кибер орон зай гэсэн байлдан эзэлж, хамгаалах ёстой тав дахь тулааны талбар гарч ирлээ. АНУ виртуал довтолгоог бөмбөг пуужингийн довтолгоонтой адилтган үүнийг цэргийн дайралт гэж үзэн мөн цэрэг зэвсгийн хүчээр хариу үзүүлэх бодлого барих боллоо.
2010 онд Ираны уран боловсруулах төхөөрөмжийг ашиглалтаас гаргаж дөнгөсөн Stuxnet бол кибер зэвсгийг хэрхэн цэргийн зориулалтаар ашиглаж болох тухай жишээ юм. "Stuxnet нь төрийн оролцоогүйгээр бүтээх боломжгүй зүйл. Израйль улс үүнийг бүтээсэн нь ойлгомжтой” гэж Рекс Хугес үзэж байгаа ба тэрээр мөн Их Британийн дипломатуудын Chatham House Think-Tank гишүүн юм.
Дэлхий нийтээрээ нэг их анхаараагүй л болохоос бус 2007 онд томоохон кибер сөргөлдөөн гарах шахсан. Таллин хотын төвд байсан Зөвлөлтийн цэргийн хөшөөг нэгэн цэргийн оршуулгын газар шилжүүлсний дараахан Эстонын банк, намууд, хэвлэл мэдээлэл болон засгийн газрын сайтууд DDoS (Distributed Denial of Service) довтолгоонд өртөн хаагдацгаасан билээ. Эстонын засгийн газар НАТО-гоос туслалцаа хүссэн боловч яаж ч чадаагүй юм. Оросын засгийн газар энэхүү хакердах үйл ажиллагааны ард байгаа гэж таамагласан боловч нотолж чадаагүй. Үүнээс л эхлэн кибер хамгаалалт нь тун олон орны хувьд хамгийн чухал асуудал болон хувирсан.
Эстонын довтолгооны дараагаас НАТО Кибер хамгаалалтын хамтарсан төв (CCD COE) байгуулах ажлаа эрчимжүүлжээ. Төсөв батлагдан, батлан хамгаалалтын төлөвлөлтүүд хийгдэх болжээ. НАТО кибер дайны тусгай штаб хараахан байгуулаагүй. Энэ нь кибер довтолгооны стратеги боловсруулаагүй байгаатай холбоотой ажээ. "Довтлохгүйгээр хамгаална гэж байхгүй, тиймээс энэ бол буруу хандлага” гэж Рекс Хугес үзэж байна. Урьд нь хакерчин байсан, одоо Интернетийн удирдлагын Icann –ы аюулгүйн албаны тэргүүн, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын зөвлөх Жефф Мосс үүнийг "Өөрийн хамгаалалтаа өргөжүүлэхийн тулд өөрсдөө хамгийн сүүлийн үеийн довтолгооны арга техникийг хөгжүүлэх ёстой” гэж тайлбарлаж байна. Ингэж байж л дайснаа довтлохоос өрсөн эмзэг цэгээ олж тогтоон аюулгүй болгох арга хэмжээ авч чадах юм. Ер нь бол довтолгооны шинэлэг аргуудыг хурдан хэрэгжүүлэх боломжтой ба довтолгоо нь кибер орон зай дахь хамгаалалтын хамгийн сайн арга байсаар байх болно.
АНУ-д бол бүр нэг алхам урагшилжээ. Кибер дайны аюулын сургуулилт байгууллагуудын түвшинд хийгдэж одоо бол хэн юу хариуцахаа л шийдэж байгаа ажээ. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын газар болон Тагнуулын төв газруудын эрх ашиг зөрчилддөг байна. Тагнуулын байгууллагууд илэрсэн дутагдлыг шууд засах гэхээсээ илүүтэй түүнийг ашиглан хэн довтлохыг хүлээж, магадгүй тагнуул ч илрүүлэх боломжтой гэж үздэг. Улс бүр л бэлтгэлтэй байхыг хичээж байгаа ба энд мөн эрх мэдэл, мөнгөний асуудал орооцолдсон.
Оргүй хоосноос аймшигт довтолгоо хийгдэн ялагдал хүлээхээс айх айдас тун их. “Эзэнт гүрэн 19-р зуунд дэлхийн далай тэнгисийг эрхшээж байсныхаа адилаар 21-р зуунд виртуэл ертөнцийг ч хянах ёстой” гэж Их Британийн ерөнхий сайд асан Гордон Браун мэдэгдэж байв. АНУ-ын ерөнхийлөгч Клинтоны аюулгүйн зөвлөх асан Ричард Кларке "World Wide War" номондоо ойртон буй аюулын талаар Хакерууд АНУ-ын цахилгааны сүлжээг довтолж ингэснээр тээвэр, эдийн засаг, дэд бүтцийг сүйрүүлж улмаар өлсгөлөн гарч, цэргийнхэн хамгаалатгүй болоход хүрнэ гэж бичжээ. Арай ч ийм хар зүйл болохгүй гэж Жефф Мосс үзээд “Бид одоогоор кибер орон зайд хүйтэн дайны байдалтай байна. Улс орнууд бие биенээ туршиж тандсаар байна” гэжээ.
Улс орнууд одоогоор аюулгүйн сул цэгүүдээ шалгаж, бусад орнуудын кибер стратегийн талаар мэдээлэл цуглуулж байгаа. Ердөө л сонгодог тагнуулын ажил. Довтолгоог эхлүүлсэн бүхэнд нэг л зүйл ойлгомжтой байх ёстой. Пуужингаар байна уу виртуэл довтолгоогоор байна уу хэн ч байсан цэргийн эсрэг цохилтонд өртөнө. АНУ ч ингэж анхааруулж байгаа. Цөмийн зэвсэг хориглох тухай 1970 оны гэрээний адилаар кибер довтолгоог хориглох гэрээ байгуулах ёстой гэж Рекс Хугес зөвлөжээ. Техникийн дэвшилтэй зэрэг алхахын тулд тусгайлан томъёолсон дипломат гэрээ байгуулах хэрэгтэй болж байна.
Мөргөлдөөн гарсан үед ямар арга хэмжээ авах, юуг хорих тухай гээд. Гэрээ байгуулах нэг хэрэг боловч түүнийг биелүүлэх нь бүр ч ноцтой. Гэрээг зөрчих үзэгдэл урьд нь ч гарч л байсан одоо ч гарахгүй гэх баталгаагүй.
Эх сурвалж: Цаг төр.МН
1 сэтгэгдэл:
Кибер халдлага гэдэг зүгээр л вирус тараах, нууц мэдээлэл авах төдий, за ихээр бодоход атомын станцын удирдлагын программыг ажиллагаагүй болгох төдийгөөр хязгаарлагдаxааргүй болоод байна. Global hawk мэтийн байлдааны зорилготой автомат жолоодлогот төрөл бүрийн төхөөрөмжүүд зарим улсын зэвсэглэлд ашиглагдаад эхэлчихлээ. Дээр нь бид зөвхөн кинонд л харж байсан хиймэл дагуулд байрлуулагддаг лазерийн их буу мэтийн шинэ төрлийн зэвсэг техникийн сураг дуулдаж эхэлж байна. Хэрэв энэ бүхнийг кибер хадлага үйлдэгчид сонирхож
эхэлбэл аюул жинхэнэ бодит зүйл болж хувирна. Тэгэхээр кибер дайнд эртнээс бэлдэж, сэргийлж эхлэх нь өлзийтэй.
Post a Comment