Америкийн "Time" сэтгүүл уламжлал ёсоор оны хүнээ тодруулаад удаагүй байна. Санал асуулгаар "Wikileaks"-ийг үндэслэн байгуулагч Жулиан Ассанж 382 мянган хүн буюу хамгийн олон саналыг авсан. Гэвч эцсийн шийдвэрийг тус сэтгүүлийн ерөнхий редактор гаргадаг. Харин тэр Facebook-ийг үндэслэн байгуулагч Марк Цукербергийг 2010 оны хүнээр тодруулахаар болсноо мэдэгдсэн юм. "Time"-ийн ерөнхий редактор Ричард Стенжел яагаад ийм шийдвэр гаргаснаа ч дэлгэрэнгүй тайлбарласан.
Тэрбээр "Ж.Ассанж, М.Цукерберг хоёр нэг зоосны хоёр тал. Тэд хоёулаа нийгмийг нээлттэй, тунгалаг байлгахын төлөө байдаг" гэсэн юм. Тэд хоёулаа багаасаа компьютер сонирхож, програм зохиож энэ чиглэлээр мэргэшиж чамлахааргүй амжилтад хүрчээ. Энэ салбарын хөгжил дэвшилд ч өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулсан. Энэ утгаар нь авч үзвэл үнэхээр нэг зоосны хоёр тал мөн.Гэхдээ тэдний хооронд маш том ялгаатай зүйл байгааг редактор онцолсон юм. Ж.Ассанж дэлхий ертөнцийг бодит бөгөөд хийсвэр дайснаар дүүрсэн гэж үздэг. Харин М.Цукерберг хүн төрөлхтөнд найз нөхөр гэсэн утгаар ханддаг. Ийнхүү тэдний ертөнцийг үзэх үзэл буюу бодит байдалд хандах хандлагын зөрүү нь эцсийн шийдвэрийг гаргахад нөлөөллөө. Яаж ч бодсон Америкийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан хүнийг "Time" сэтгүүл оны хүнээр тодруулахгүй нь ойлгомжтой. Америкийн дипломатуудын Төрийн Департаментдаа бичиж байсан захидал зэрэг нууц бичиг баримтуудыг олны хүртээл болгосон нь тус улсын эрх баригчдыг тун ч эвгүй байдалд оруулаад байна. Ерөнхийлөгч Б.Обама зарим орны удирдагчид өөрөө утас цохиж тайлбар өгөхөд хүрсэн юм. Ж.Ассанжийн Лондон хотноо баривчлагдсан хойно ч нууц баримтууд Wikileaks-т тавигдсаар байсан. Түүний эсрэг АНУ-ын эрх баригчид ямар нэгэн хэрэг үүсгээгүй байгаа. Хэрвээ Их Британийн шүүх Ассанжийг Шведийн талд хүлээлгэн өгөх юм бол АНУ-д шилжүүлэн өгөх нь гарцаагүй хэмээн үзэж байгаа хүмүүс ч цөөнгүй. Ямар ч байсан түүнийг барьцаагаар суллачихаад байгаа билээ. Ж.Ассанж багаасаа л орчин тойронтойгоо тэрсэлдсэн ертөнцөд өсчээ. Түүний ээж нь боловсролын системийг хүлээн зөвшөөрдөггүй байсан тул хүүдээ гэрээрээ боловсрол олгосон байна. Ассанж 37 сургууль сольсон гэдэг. Байнга нэг хотоос нөгөө рүү нүүж байсан тэрбээр төрсөн эцгээ ч мэддэггүй. Түүнийг 16 настай байхад хойд эцэг нь дүүг нь авна хэмээн сүрдүүлсэн байна.
Тиймээс аргагүйн эрхэнд ээж, дүү хоёрынхоо хамт нэг хэсэгтээ нуугдаж амьдрахад хүрчээ. Ээжтэйгээ хамтран "Хүүхдээ хамгаалах эцэг эхийн шаардлага" хэмээн төрийн бус байгууллага байгуулж байсан удаатай. Тухайн үед Ж.Ассанж хүүхдээ авахаар салсан эхнэртэйгээ шүүхдэж байжээ. Австралийн нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбар дахь хууль бус ажиллагааны талаар ч нэлээд баримтыг олны хүртээл болгож нэлээд шуугиан тарьж байв. Тэрбээр хэд хэдэн их сургуульд сурсан боловч нэгийг нь ч төгсөөгүй гэдэг. Нэг үгээр хэлэхэд өнөөдрийг хүртэл бүх амьдралаа "тэмцэлд" зориулсан байна. 2010 оны хүнээр шалгарсан Facebook-ийг үндэслэн байгуулагч Марк Цукерберг нь манай дэлхийн хамгийн залуу тэрбумтан. "Forbs" сэтгүүлээс гаргасан судалгаагаар найман тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй. Тэрбээр дэлхийн тэргүүн баячууд Б.Гейтс, У.Баффет нарын уриалгыг хүлээн авч хөрөнгийнхөө хагасыг буяны үйлсэд хандивлахаар болсон юм. Түүний энә шийдвэр нь "Time"-ийн ерөнхий эрхлэгчийн шийдвэрт ч нөлөөлсөн байж магад.
Марк Цукерберг Америкийн еврей. Эцэг эхээсээ дөрвүүлээ бөгөөд нэлээд чинээлэг айлын хоёр дахь хүүхэд. Нью-Йорк хотын баячуудын амьдардаг Доббз Ферри дүүрэгт өсчээ. Сургуульд байхдаа л компьютерийн програм сонирхож "Эрсдэл" хэмээх тоглоомыг зохиожээ. Есдүгээр ангид байхдаа найзтайгаа нийлж "Mp3 player Winamp" програмыг зохиосон аж. "Microsoft" компани түүнийг нь доод тал нь хоёр сая ам.доллараар худалдаж авахыг санал тавьсан боловч Марк зараагүй. Програм зохиохын хажуугаар Цукерберг сурлагадаа маш сайн байсан гэдэг. Туялзуур жадаар хичээллэж, эртний грек хэл сонирхдог байж. Зуныхаа амралтаар грек хэлний курст гурван сар суралцжээ. Түүний зохиосон анхны компьютерийн тоглоомын "Эрсдэл"-ийн үйл явц ч эртний Грект өрнөдөг.
"Microsoft","AOL" хэмээх томоохон компаниуд түүнд ажиллах санал тавьсан боловч бие даан энэ чиглэлээр ажиллахаар шийдсэн юм. Яагаад Харвардын их сургуулийн сэтгэл судлалын факультетийн оюутан болсныг нь тайлбарлахад хэцүү. Оюутан байхдаа компьютерийн курст давхар суралцаж Facebook-ийг байгуулах ажлаа эхлүүлжээ. Сургуулийнхаа веб хуудсыг хакердаж, дээр нь оюутнуудынхаа зургийг тавьж, хамгийн царайлгийг нь шалгаруулж байсан удаатай. Дөрвөн цагт 1500 оюутан оролцож саналаа өгсөн гэдэг. Эндээс хэрхэн олон хэрэглэгчтэй байж болохыг олж мэдсэн байна. Мэдээжийн хэрэг бөөн хэл ам болж, сургуулиасаа хөөгдөх ч шахсан. Тиймээс шинэ вэб хуудас нээж хоёр долоо хоногт Харвардын их сургуулийн оюутнуудын бараг тэн хагас нь тэнд нь бүртгүүлжээ. Марк Цукерберг сургалтынх нь төлбөрт өгөхөөр эцэг эхийнхээ хуримтлуулсан мөнгийг бизнестээ л зориулсан байна. Тэрбээр Nasster, төлбөрийн PayPal системийг зохиосон Шон Паркер, Питер Тил нартай танилцсан даруйдаа 500 мянган ам.долларын гэрээ байгуулж хамтран ажиллахаар тохиролцсон юм. Түүнээс хойш дэлхийн тэргүүн баян Билл Гейтс шиг сургуулиа орхиж програм зохиох ажилд бүх цагаа зарцуулжээ. Гэхдээ тэр хэзээ ч мөнгөнд улайрч байгаагүй.
Өнөөдөр Facebook-ийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Одоогийн байдлаар 55 сая идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд цаашид энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Хэрэглэгчийнхээ тоогоор MySpace-ийн дараа ордог.
Марк Цукерберг өдгөө 26 настай. 23 настай дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад орж ирсэн юм. Энэ жилийн эхээр дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтад нэлээд дээгүүр бичигдсэн. Өнөөдрийн байдлаар "Facebook" 15 тэрбум ам.доллараар үнэлэгдээд байгаа. Гэхдээ Марк Цукерберг Facebook –ийг одоохондоо зарахгүй гээд "Би хүссэнээ хийж дуусаагүй байгаа" гэжээ. Хамгийн их ирээдүйтэй мэргэжилтэн гэгдэж буй Марк Цукербергийг компьютер, програм, интернэтийн хөгжилд цаашдаа ч маш их хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд үздэг. Яаж ингэж их амжилтад хүрснийг судлаачид ч тайлбарлаж чадахгүй байгаа. Тэрбээр хөрөнгийнхөө хагасыг буяны үйлсэд хандивласан нь хүн төрөлхтний төлөө хийж буй бас нэгэн том алхам юм. Тиймээс "Time" сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Стенжелийн 2010 оны хүнээр Марк Цукербергийг сонгосон биз ээ.
Ю.ДЭЛГЭРМАА
Мэдээний эх сурвалж: Мэдээ.МН
0 сэтгэгдэл:
Post a Comment